» Өнөөдөр сонин » 2007.06.02
Р.ЭМҮЖИН (2007.06.02)
Ерөнхийлөгч Н.Энхбаярын БНСУ-д хийсэн төрийн айлчлал өндөрлөв. Зургаан сая ам.долларын буцалтгүй тусламж, 30 жилийн хугацаатай 26,3 сая ам.долларын зээл гэхчлэн айлчлалын хүрээнд шийдсэн чухал асуудлуудыг тооцвол үр дүнтэй аялал болсон гэж үнэлж болно. Гэрээт ажилчдын ирээдүй ч бас “наашилсан”.
Гэхдээ энэ бүх “өгөөжийг” айлчлалд хамааруулахгүй байх шалтгааныг цөөнгүй улстөрч хангалттай тоочиж чадна. БНСУ-ын Ерөнхийлөгч, Үри намаас сонгогдсон лидер Но Мү Хений нэр хүнд улс орондоо нэлээд унаж, хэвлэлийнхэн нь түүнтэй бараг л дайн зарлаад байгаа үед энэхүү айлчлал тохиов.
Нөгөө талаар Но Мү Хен энэ оны сүүлчээр суудлаасаа буух юм. Мөнөөх л “үдэлтийн хундага тулгах” нэг хэлбэр хэмээн “орчуулж” болно. Ж.Ширак, Т.Блэйр, Н.Энхбаяр нарын уулзалтыг бодоход амьсгаа авах зургаан сар байгаа нь үнэн. Ямартай ч Ерөнхийлөгч Н.Энхбаяр уулзсан албаны хүмүүстээ богино хугацаанд сэтгэгдэл үлдээж чаддаг гэдгээрээ алхам бүртээ “гайхуулж” байсан гэдгийг дурдах нь зөв биз. Энэ мэтийн улс төрийн нөхцөл шалтгаануудыг “мартаж” орхиод айлчлалын “алаг” шууданг задалъя.
Такситай сайд
Хоёр улсын Ерөнхийлөгчийн уулзалтын үр дүнгээс шалтгаалан НХХ-ийн сайд Д.Дэмбэрэл, тус улсын Хөдөлмөрийн сайд эрхэмтэй нүүр тулан учирч, гэрээт ажилчин гаргах асуудалтай холбоотой зарим үл ойлголцолд цэг тавих шаардлагатай болсон. Унаа тэрэг олдоогүй юм уу, эсвэл “тоож өгөөгүй” юм болов уу, Д.Дэмбэрэл сайд “Lotte” зочид буудлын үүднээс такси хөлөглөн Хөдөлмөрийн яамыг зорьлоо.
БНСУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх Б.Лхагвааг дагуулж, хоёр сэтгүүлчээр “чимэг” хийхээ тэрбээр мартсангүй. Такситай сайд жирийлгэсээр Хөдөлмөрийн яамны үүдэнд товлосон цагаасаа 20 минутын өмнө ирсэн. Энэ бүхэн өнөөх дипломат харилцаа, төрийн түшээгийн аюулгүй байдал гэдэгт нь тохирдог эсэхийг “мэдэхгүй” гэж гүрийе. Замын турш хэлэлцэх асуудлаа “ойлгох” гэж хамт яваа албаны эрхэмээсээ багагүй лекц сонсч, бичил сургалтанд суугаад амжсан Д.Дэмбэрэл сайд Солонгосын Хөдөлмөрийн сайдтай нүүр тулмагцаа Гадаадад ажиллах хүч илгээх шинэхэн төвийн гүйцэтгэх захирал Г.Билэгсайханыг биечлэн танилцуулав.
Солонгосын Хөдөлмөрийн сайд ямар хүсэлтэй явааг нь хэд хэдэн удаа шахамдуулан асууж, энэ онд багтаан 9000 ажилчнаа даруйхан илгээхийг шаардахын зэрэгцээ “Шалгалтын асуудал хүндхэн байна” хэмээн толгойгоо илсэн монгол түншээ өрөвдсөн бололтой “Хоёр удаа шалгалт авч болох юм” хэмээн “харж үзэв.”
-Өөр ямар хүсэлт байна, даруйхан шийдье хэмээн хэд хэдэн удаа хэлсэн Солонгосын Хөдөлмөрийн сайд хэлэх ярихаа олж ядан, хүсэлт байхгүй хэмээн толгой сэгсрэх ноён Д.Дэмбэрэлд “Та ч ажил ихтэй, би ч ажил ихтэй. Өөр асуудал байхгүй бол уулзалтаа өндөрлөе” гэж тулгав. Уг нь гэрээт ажилчдын цалинг нэмэх тал дээр анхаарах, БНСУ-ын Монгол дахь Элчин сайд цаашдаа бүртгэл явуулсаар байх уу гэдгийг харилцан ойлголцох гээд “хүсэлт” зөндөө л баймаар.
Гишүүдийн дарамт
Танай элчин сайд дипломат ёс зөрчиж, тусгаар улсын аж ахуйтай орооцолдон, 15000 хүн бүртгэх ажлыг гардан хийсэн гэсэн монгол түншүүдийнхээ гомдолд солонгосчууд аятайхан хариу барьсан тухай албаны эх сурвалж ам алдав.
Монголын УИХ-ын гишүүд 100, 200 хүний нэр жагсаачихсан БНСУ-ын ЭСЯ-ны хаалгыг онголзуулж, Элчин сайдыг нь гуйх, гуядахыг хослуулан харайлгаж явсан явдлыг тэд сөхөж, “Манай Элчин сайдад албаны шугамаар өөр дарамт учруулахгүй байгаа” хэмээн санаа зовж буйгаа нуугаагүй гэнэ билээ.
Монгол сургуулийн солонгос араншин
Тэргүүн хатагтай О.Цолмон хилийн чанад дахь анхны Монгол сургуульд зочлох үеэр сэтгэл чилээсэн олон зүйлийг анзаарч болох байв. Хүүхдүүдээс төлбөр авдаггүй, Христийн сүмийн ивээн тэтгэлгээр үйл ажиллагаагаа явуулдаг хэмээн танилцуулсан тус сургуулийн сурагч бүр үнэн хэрэгтээ сар тутам сургалтын 50000, хоол байрны 70000, нийт 120000 вон төлдөг аж. Үндсэн хичээлийг монгол багш нар заадаг боловч хүүхдийг төлөвшүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг соёл урлаг болон түүхийн сургалтууд бүгд солонгос багш нарын “мэдэлд” байдаг тухай нэгэн ээж хэвлэлийнхэнд “сануулсан”.
Солонгос ардын хөгжим чангүмийг чадварлаг тоглож буй монгол сурагчид морин хуурыг харсан төдий, ёочин, шанз, ятга гэдэг үгийг сонсоогүй байсан нь сонин. Сургуулийн дэргэдэх цэцэрлэгт таван хүүхэд сурдаг. Багш нар нь солонгос. Хамгийн бага сурагч нь монголоор ярьж чаддаггүй. Энэ ч бас л нэг үзүүлэлт гэдгийг хэлэх юун. Тэргүүн хатагтайн бэлэглэсэн монгол сурах бичгүүд эзэндээ оюуны хөрөнгө оруулалт болж чадах болов уу, эсвэл агуулахад тоосонд дарагдах уу гэсэн бяцхан хар төрснийг энд дэлгэе.
Хичээл болгоныг христийн шашин хачирладаг гэж бас нэгэн аав ам алдсан. Монгол сургууль нэртэй энэ шашны гэмээр байгууллагыг солонгос болж хувирсан хүүхдүүд төгсөхөд гайхах хэрэггүй.
О.Цолмонгийн оновчтой сонголт
Сөүлийн захдуу орших Буддын даруухан хийдэд зочилсон тэргүүн хатагтай О.Цолмон бурхны шашны талаар өргөн мэдлэгтэйгээ харуулж, ёс жаяг бүхнийг хүндэтгэн биелүүлж байгаа нь анхаарал татсан. Мөн зориуд онцолж хэлэхэд тэргүүн хатагтай уулзах албаны хүмүүс болон бусад төлөөлөгчдөд бэлэг сонгохдоо үнэхээр сэтгэлээ шингээж чаддаг юм билээ. Утга учир, сэтгэл, оюун ухаан, ухаарал шингээсэн ямархан нэгэн агуулгыг илэрхийлэх, хүндэтгэл төрүүлэхуйц тэдгээр бэлгийг хэн сонгодгийг туслахаас нь зориуд асуусан хэрэг л дээ. Бэлэг бүрт гар, бие оролцон, Монголыг илэрхийлж, төлөөлж чадах жижиг боловч нандин зүйлээр чимэглэсэн байгаа нь ийнхүү үнэлэхэд хүргэсэн хэрэг.
Монгол сургуулийн сурагчдад дөрвөн бэрх буудаг шагай, Буддын хийдийн тэргүүн ламд шашны зан үйлийн нэг хэсэг болох очирыг гоёмсог жаазанд суулган дурсгаж, харин Үндэсний түүхийн музейд хуучин бичгээр тэрлэсэн дурсгал үлдээж харагдсан.
Монголын эрэлд
Чингис хааны есөн өрлөгийн нэг Зэлмэ солонгосоор төрөлх хэл шигээ ярьдаг байсан гэвэл та итгэх үү? Монгол, Солонгос хоёр улс гарал үүсэл нэгтэй. Энэ утгаараа Монголоор овоглодог түүх, соёлын дурсгал Солонгосоос олдох нь цөөнгүй. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Монгол, Солонгос судлалын төвийн захирал Б.Сумъяабаатар болон Монголын өв соёлын нийгэмлэгийнхэн аяллын турш эрэлд “хатав”. Солонгосын үндэсний түүхийн музейд хангүг эрдэмтдийн XIII зуунд бүтээж гуулин дээр цохин хийсэн Монгол хэл сурах бичиг байдаг аж. Хэрэв боломж олдвол түүхийн энэхүү үнэт дурсгалын хуулбарыг аваад харих сонирхолтой байсан тэдний хүсэл биелсэнгүй.
Солонгосчууд тэрхүү кидан бичгийн толийг өөрөөр тайлбарлан, Монголоос “зугтаалган” өмчирхдөг гэх. Бас нэгэн сонирхолтой мэдээ дуулгахад Солонгосын хаадын судар бичигт нэгэн ховор баримт тэмдэглээстэй үлджээ. Чингис хаан XIII зуунд Солонгосын хаанд 21 элч илгээсний нэг нь эмэгтэй хүн байж. Монголоос ирсэн элч бүсгүй “Танай орон манайд цаас болоод бэх өгнө үү” гэсэн хүсэлт уламжилж иржээ.
Анхны дипломат эмэгтэй гэсэн алдрыг XVII зуунд амьдарч байсан орос бүсгүйд хамааруулдаг. Тэгвэл үүнээс 400 оны өмнө монгол эмэгтэй дипломат албаны үүрэг гүйцэтгэж байсныг Солонгосын хаадын судар бичиг ийнхүү нотолдог байна.
Монгол тауны “Өгөөж”, бичил “Найман шарга”
Монгол таун Солонгост ажиллаж амьдардаг монголчуудын цугладаг гол “түшиц газар”. Тэнд элдвийн үзэгдэл, эрээн бараан амьдрал, монгол маягийн инээмсэглэл, бас архидалт, зугаа цэнгээн бий. “Өгөөж”-ийн боов чихрийг зөөгөөд авааччихсан зарж суугаа залуу лав чамлахааргүй орлого олдог юм билээ. Бас энд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ченжийн зах буюу бичил “Найман шарга” байдаг. Тэнд 20000 төгрөгийн дэвсгэрт хараагүй монгол залуу “үнэ хаян” худалдан авч буй харагдсан.
Эндэх монголчууд нэг кг хонины махыг 3000 воноор, 2,5 кг-аар савласан гурилыг 2800 воноор худалдан авч үндэсний хоолоо хийж амтархдаг. Монголд үйлдвэрлэдэг бараг бүх архи Монгол таунд “хөлөөр хөглөрч” байгаа.
Ягаан гудамж
Сөүл хот 10 сая хүн амтай. Төвлөрлийг сааруулахын тулд гол яамдаа хотынхоо зах руу нүүлгэсэн нь авууштай туршлага. Айлчлалын багийнхны буудалласан Сөүлийн төв гудамжинд Хотын захиргаа нь байрладаг. Бас хамгийн өндөр үнэтэй, дээд зэрэглэлийн буудлуудаар баян.
Загварын гудамж гэсэн тодотголтой энэ дүүрэгт этгээд сонин хувцсаар чамирхсан залуустай олонтаа тааралдана.
Ягаан гудамж гэгддэг янхны төвөөр цухасхан дайраад өнгөрөх боломж олдов. Өндөр нуруутай, гоё галбиртай, цээж нүцгэн шахам, нэвт гэрэлтдэг нимгэн сиймгэр даавуугаар биеэ ороосон хүүхнүүд шилэн хоргонд хөл ачин суух аж.
Түүгээр өнгөрч яваа залуусыг урин дуудаж, “Би хөөрхөн, намайг ав л даа” хэмээн эрхлэх нь содон. Үнэ нь 30-300 мянган вон гэж сонсогдсон. Далд янхны газруудад бүр илүү үнэтэй “бараа” байдаг гэнэлээ.
Хөх ордны улаан хивс, бяцхан суулт...
БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордон өөрийн гэсэн дэг журамтай. Өндөр албаны зочдыг угтан авах ёслол нь төрийн хүндэтгэлийг илэрхийлээд зогсохгүй цэрэг армийн түүх, соёл урлагийнхаа зах зухаас харуулах боломжтой. Үндэсний хөгжмөө тоглон, Солонгосын эртний бишгүүрийн аялгуун дор үе үеийн армийн эрхтнүүдийн хувцсыг асаасан цэргүүд ёслон угтах нь сүртэй.
Хөх ордонд зөвхөн солонгос хүн л хөл тавих эрхтэй, өөр улс үндэстний хүн ойртохыг хориглосон төв хэсэг бий. Хэт үндсэрхэг сонсогдож байж магадгүй. Гэвч төрөө хүндэтгэх үзлийг энэ мэтээр төлөвшүүлж, үндэстнээ дархлаажуулах нь зөв санагдсан.
Тохиолдлоор уу, эсвэл гүйцэтгэх ажилтны алдаа юм болов уу. Монголын далбааг буруу харуулан тавьсан харагдав. Хоёр улсын Ерөнхийлөгч гэрээнд гарын үсэг зурахаар Хөх ордны төв танхимд орж ирэхийн өмнөхөн энэ алдааг манай хэвлэлийн багийнхны нэг нь анзааран хэлснээр, даруй залруулж амжсан юм. Солонгост жагсаал, суулт бас тасардаггүй бололтой. Гэхдээ манайхан шиг замбараагүй биш. Яамд байрладаг хотын захын хэсэгт 200 орчим хүн туг лоозон барин суулт зарласан байхтай тааралдсан. Суулт, тэмцэл гэхээсээ илүү амралт юм шиг тайван. Харамсалтай нь бидэнд хэлмэрчилж явсан албаны хүмүүс энэ суултын тухай ямар ч мэдээлэл өгөхийг хүссэнгүй.
Цагтай уралдсан уулзалтууд
Ерөнхийлөгч Н.Энхбаяр зам зуур цаг алдахгүйн тулд албан ёсны уулзалтуудынхаа цөөн бус хэсгийг “”Lotte” зочид буудалд төлөвлөсөн байв. Хөх ордон, Үндэсний ассамблейн ордон, Үндэсний түүхийн музей, Ёнсей их сургуульд харин биеэр зочилж, ажил хэргийн уулзалт, хэлэлцээрт оролцсон. Айлчлалын үеэр Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр Сөүл хотын дарга О Се Хүнтэй уулзан албан ажлаа амжуулж, хоёр хотын хамтын ажиллагааны талаар зарим чухал асуудлыг шийдэв.
Ер нь БНСУ, Монгол Улсын харилцаа бүх салбарт өргөжсөнийг энэ айлчлал олон талаар нотолсон. Энд бизнесийнхэн чуулж байхад тэнд яамдын сайд нар биечлэн уулзаж, бас хотын мээрүүд нүүр учран асуудлаа ярьж, харилцаа холбооныхон гэрээгээ баталгаажуулж, Парламентын бүлгийн дарга нар зоог барьж, Сангийн сайд Солонгосын банкныхантай зээлийн асуудлаа шийдэж... хэвлэлийнхэн нь Монголын сэтгүүлчдийг жүүсээр дайлах нь ч мөн энэхүү өргөн харилцааны нэг хэсэг. Монголчуудын цаг барьдаггүй зантай солонгосчууд эвлэрэн зохицсоныг ч бас алхам тутамдаа харж явав.
Эцэст нь
Монгол, Солонгос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 17 жил улирчээ. Гэвч цаг хугацааны энэхүү тооллоос үл хамааран сайн муу, сайхан муухай бүхнээрээ холбогдон, эерэг сөрөг байдлаар хөгжиж буй хоёр орны харилцааг ард түмнийх нь амьдрал улам бүр өрнүүн болгож буйг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Бас үнэлэхгүй байх учиргүй.
Солонгос үнэхээр хөгжиж чаджээ. Энд сүндэрлэж буй барилга, гүүр, зам талбай, тариалан, хүнд үйлдвэр гээд хэцүү бэрх бүхэнд монгол залуусын хөдөлмөр шингэсэн гэж бодохоор гайхалтай. Бас гашуун. Эх орондоо өгөх байсан хүч, өргөх байсан зориг, үнэлүүлэх байсан ухаан, үрэх байсан сэтгэлийн тэнхээ тэнд өтөлж байна.
Мичидмаа (http://mglclub.com -ын гишүүн)
Ерөнхийлөгч Н.Энхбаярын БНСУ-д хийсэн төрийн айлчлал өндөрлөв. Зургаан сая ам.долларын буцалтгүй тусламж, 30 жилийн хугацаатай 26,3 сая ам.долларын зээл гэхчлэн айлчлалын хүрээнд шийдсэн чухал асуудал гэчихжээ.Энэ их мөнгөнийй хэд нь шар хувалз болон хамсаатнуудынх нь халаасанд орж 30 жилийн дараа бидний үр хүүхэд төлөх гэж үйлээ үзэх бол гэж бодохоор ой гутчихлаа.Хаа яваа газраа улсын нэр барьж бадар барьж явдагаа болиосой.Ашдын билэгээс амны бэлэг гэж эртний үг байдагсан.Ам ангайвал ядуу ядарсанаа гайхаж амьтай болгоноос алаг тосон гуйж байдаг ичих нүүр байдаг юм боловуу?
Enkel (http://mglclub.com -ын гишүүн)
Танай элчин сайд дипломат ёс зөрчиж, тусгаар улсын аж ахуйтай орооцолдон, 15000 хүн бүртгэх ажлыг гардан хийсэн гэсэн монгол түншүүдийнхээ гомдолд солонгосчууд аятайхан хариу барьсан тухай албаны эх сурвалж ам алдав.
Монголын УИХ-ын гишүүд 100, 200 хүний нэр жагсаачихсан БНСУ-ын ЭСЯ-ны хаалгыг онголзуулж, Элчин сайдыг нь гуйх, гуядахыг хослуулан харайлгаж явсан явдлыг тэд сөхөж, “Манай Элчин сайдад албаны шугамаар өөр дарамт учруулахгүй байгаа” хэмээн санаа зовж буйгаа нуугаагүй гэнэ билээ.
Энэ одоо юу вэ. УИХ-ын эрхэм гишүүдийн энэ тэнэг үйлдлээс болоод Солонгосууд хариугаа авч Монгол улсын газар шороон дээр иргэдээр нь даажигнаж байгаагаа зөвтгөж байгаа юмуу. Энхбаяр үхснээ хийж ийшээ ирсэн юм . Бүүр уур хүрчихлээ. Нүдний булай чихний хулхи минь тэр 76 годилтойгоо хариуцлага тооцооч , күрс дамжаанд суулгаж мэдлэг боловсролыг нь жаахан ахиулаач. Тэгэхгүй бол наадуулаас чинь болоод гадныхан манийг дээрэлхээд байна. Төрийн тэргүүнээсээ эхлээд гуйлгачин царайлчихаар яаж ч хүний нүдэнд өөдтэй тусах вэ дээ. Тахсигаа унаад явж байхдаа таарсан юмнууд.
03:06 - 2007-06-07
-
|
|